Галын эрсдэл

Галын эрсдэл

Нийгмийн хэрэгцээ шаардлагаар хот суурин газрын хүн амын механик өсөлт эрчимтэй нэмэгдэж, үүнээс үүдэн бага зай талбайд үйлчилгээний болон орон сууцны зориулалттай өндөр барилга барих хандлага их болсон өнөө үед хүн олноор төвлөрдөг барилга байгууламжийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол улсын төдийгүй олон улсын стандартуудад нийцсэн гал зогсоох, дохиолол хамгааллын системээр бүрэн тоноглох нь зүйтэй.

Дэлхий дээр жил бүр галын аюулын 3,8 сая тохиолдол бүртгэгдэж 45,5 мянган хүний амь үрэгддэг. Нийт амь эрсдсэн хүмүүсийн ¾ нь утаанд угаартаж нас бардаг, мөн 57% нь гал гарсан өрөөнд байгаагүй гэсэн олон улсын судалгаа байдаг байна.

Харин Монгол улсад 2017 оны байдлаар 2 цаг тутамд галын аюул гарч, жил бүр 50-аас дээш тооны хүн нас барж, 3,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирдаг гэсэн судалгаа бий.

Олон нийт бөөнөөр цуглардаг үйлчилгээний барилга байгууламжид гал гарсан тохиолдлуудад Нарантуул олон улсын худалдааны төв (2013), Sunday Plaza (2013 ба 2015) зэргийг дурдаж болно.

- Гал гарах шалтгаан юу вэ?

Ихэвчлэн хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэн галын аюул нүүрлэдэг.

Тамхины гүйцэд унтраагаагүй иш хаях, гэр, байшиндаа төдийгүй, ил задгай гал түлэх, гэрийн шатамхай эд зүйлийн ойролцоо анхаарал хяналтгүйгээр зул, лаа асаалттай орхих, гал асаахдаа бензин ашиглах, олон улсын стандартад нийцээгүй цахилгааны кабель холболтууд ашиглах, олон улсын стандартад нийцээгүй, сертификатгүй цахилгаан хэрэгсэл ашиглах г.м.

- Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Олон улсын стандартад нийцсэн сертификат бүхий халаалтын болон хэрэглээний цахилгаан хэрэгслүүдийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглах. Мөн стандартад нийцээгүй цахилгааны кабель холболтууд ашиглахгүй байх.
  • Барилгын цахилгаан, усны болон хийн гол хаалтуудыг сайтар шошголож тэмдэглэсэн байх, шаардлагатай үед нэвтрэх боломжтой байлгах. Усны эх үүсвэрийг техникийн асуудалгүй, хүртээмжтэй байлгах, гал унтраах хэрэгслүүдээр тоноглох.
  • Цахилгааны холболтууд, цахилгаан хэрэгслүүд, гэрлийн бүрхүүл, хөдөлгөөнт дамжуулагч зэргийн техникийн аюулгүй байдлыг тогтмол хянаж, нөхцөлийг бүрдүүлэх.
  • Барилга байгууламжид зөөврийн гал унтраагуур, галын гидрант зэргийн байршил, зайлшгүй шаарлагатай үед тэдгээрийг хэрхэн хэрэглэх талаар мэдлэгтэй байх. Аюулгүйн гарцуудыг мэддэг байх.
  • Хонгил, шат, аюулгүйн гарц, үүд зэргийг болзошгүй аюулын үеэр хүмүүс дайжих, зөөх, гал унтраах хэрэгсэл зөөх нөхцөлүүдийг бүрдүүлэн үргэлж чөлөөтэй, саадгүй байлгах.
  • Шатамхай, тэсэрч дэлбэрч болзошгүй, химийн хортой бодис, бензин будаг зэргийг зөвхөн зориулалтын агуулах, зооринд зориулалтын саванд хадгалах. Орон сууцны, нийтийн эзэмшлийн талбайд хадгалахгүй байх. Зоорь болон дээврийн хөндийд гал гарахад нөлөөлөх, шатамхай материал хураахгүй байх.
  • Гэр, байшингийнхаа яндан хоолойг тогтмол цэвэрлүүлэх, утаа дамжуулагч, зуух болон бусад халаалтын хэрэгслүүдийн техникийн нөхцөлийг сайтар баримтлах
  • Гэр, машиндаа бүрэн ажиллагаатай, техникийн шаардлага хангасан зөөврийн гал унтраах хэрэгсэл байлгах.
  • Гэрээсээ гарахдаа гэрэл чийдэнгээ унтрааж, цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтраах, зуухан дахь галаа унтрааж, усаа хаах.  Мөн цонх, хаалгаа сайтар хаах. Галын эх үүсвэр болох эд зүйл, цахилгаан хэрэгслүүдийг хүүхдээс хол байлгах.
  • Хоол унд бэлтгэхдээ ил гал, хийн зуухыг хараа хяналтгүй орхихгүй байх. Шатамхай даавуу, материалын ойролцоо зул, лаа асааж орхихгүй байх. Тамхиний ишээ сайтар унтрааж хаях.
  • Гал түлэх зориулалтгүй бодис, материал буюу бензин, хог хаягдал, хуванцар, резин ямар ч тохиолдолд ашиглахгүй байх. Унтраагүй үнс нурмыг шатамхай бус саванд хийж аюулгүй байдлыг бүрдүүлэх.
  • Аль ч төрлийн объектод болзошгүй аюулаас сэргийлэн, гал командын авто машин, тээврийн хэрэгсэл ирж гал зогсооход шаардлагатай зай, талбайг үргэлж чөлөөтэй, саадгүй байлгах. Барилгын төлөвлөлтөд зориулалтын зай талбайг тусгаж, ойлгомжтой тэмдэглэх.
  • Барилга байгууламжид утаа мэдрэгч, гал унтраах актив төдийгүй, пассив системийг суурилуулах.

ТА өөрийн үл хөдлөх хөрөнгө, орон гэртээ болзошгүй галын эрсдэлээс хамгаалах систем суурилуулж, түүнд хөрөнгө оруулснаар өөрийн болон бусдын амь насыг авраад зогсохгүй, өмч хөрөнгө, эд зүйлээ энэхүү гамшигаас хамгаалж чадна.