Пелет гэж юу вэ?

Пелет гэж юу вэ?

Пелет – мод боловсруулах явцад үүссэн хаягдал болох модны үртэс, зоргодосыг шахаж гаргасан, маш бага усны агууламжтай бөгөөд үнсний хаягдал багатай, боловсруулсан түлш юм. Пелет нь стандартын дагуу 6 эсвэл 8 мм орчим диаметртэй, 20-30 мм урттай байх бөгөөд өндөр илчтэй түлшинд тооцогддог.

Чанартай пелетийг хэрхэн таних вэ?

Европын холбооны улсуудад чанартай пелетийг ENplus сертификатаар, мөн гэрийн нөхцөлд зориулагдсан дээд зэргийн чанарыг илтгэх А1 гэсэн тэмдэглэгээгээр таньж болно.

 

15 кг – 1,0 тонн хүртэл савлагаатай байх бөгөөд Европын орнуудад цистернээр гэрт нь хүргэж агуулах складанд шууд үлээн оруулдаг байна.

Зураг дээр: Пелетийн зуухаар тав тухтай халаах систем

1. Пелетийг тээвэрлэн хүргэж, агуулах складанд цистерний хоолойгоор шууд нийлүүлнэ.
2. Спиральт дамжлагаар зууханд орно.
3. Пелетийн автомат зуух
4. Халаалтын болон хэрэглээний халуун ус бэлтгэх нөөцлүүр сав

Пелетийн автомат зуух

Автомат зуух нь амины орон сууцны төвлөрсөн халаалтын шийдлийн орчин үеийн хувилбар юм. Түлшээ гар аргаар нийлүүлдэг зуухтай харьцуулахад ашиглалтын хувьд маш хялбар. Ингэхийн тулд түлш агуулах том оврын нөөцлүүр савыг хэдэн өдөр эсвэл нэг долоо хоногийн давтамжтайгаар дүүргэх шаардлагатай. Түлшийг шатаах камер руу автомат ажиллагаатай спиральт дамжлагын тусламжтайгаар, дотор эсвэл гадна байрлах нөөцлүүрээс тогтмол нийлүүлнэ. Автомат сэнс шаталтын агаарыг дамжуулах үүрэг гүйцэтгэх ба шаталтын процессыг дэмжиж, зуухны хүчин чадлын тогтвортой байдлыг хангаж, шаталтын үр дүн өндөр байх, хорт хий бага ялгарах нөхцлүүдийг бүрдүүлнэ. Сорох сэнсний ачаар тооцжилт үүсгэлгүй үнс гаргаж, утаа уугилтгүйгээр галлахаас гадна, хэт халалтаас сэргийлсэн хөргөлтийн ороомогтой байдаг. Хэрэглэгчийн ая тухыг урьдчилан тохируулсан программын дагуу зуухны үйл ажиллагааг чиглүүлэх удирдлагын төхөөрөмж хангаж, хэрэглэгчийг төхөөрөмжтэй харилцах боломжтой болгодог байна. Тодруулвал: Байшингийн дотор байрлах термостатын тусламжтайгаар автомат зуухны ажиллагааг алсаас удирдана.

Бүх төрлийн амины орон сууцыг халаахад тохиромжтой. Ердийн амины сууцанд 15-25 кВт хүчин чадалтай зуухыг төлөвлөнө. Пелетийн зуухны ашигт үйл 90% орчимд хүрдэг буюу бага хэмжээний түлшээр илүү их дулаан олж авна гэсэн үг юм. Ижил төрлийн, 60%-ийн ашигт үйлтэй байдаг нүүрсний зуухтай харьцуулахад 30%-иар бага пелет түлэх юм.

Автомат зуух сонгохдоо эмиссийн ангиллыг анхаарах нь зүйтэй. Эмиссийн ангиллын тухай нормын дагуу ангилал 1-д хамгийн муу, ангилал 5-д хамгийн сайн зуухыг хамруулна. Одоогоор 1-3 ангиллын зуухыг зах зээлд худалдаалахыг хориглосон байгаа бөгөөд ихэнх пелетийн зуухыг ангилал 5-д нийцүүлэн үйлдвэрлэдэг байна.

Автоматаар, цахилгаанаар асах зуухны ширмэн хийц бүтээгдэхүүний насан туршийн баталгаа болно. Зуухны үйл ажиллагааг интернэт, гар утасныхаа тусламжтай “ухаалгаар” удирдах боломжтой.

 

Зураг дээр German Design Award 2015-ын шагналт Vitoligno 300-C загварын зуух.

(үйлдвэрлэгч Viessmann)

Түүний ашигт үйлийн үзүүлэлт  95,3 %-д хүрэх бөгөөд бага зай талбай эзэлдэг.

Ашиглалтын хувьд, үнсний савыг жилдээ 2 удаа цэвэрлэхэд хангалттай байдгаараа маш амар, хялбар шийдэл болж чаджээ. Автоматаар асдаг керамик халаалтын элемэнттэй тул цахилгаан эрчим хүчний хэрэглээ бага, 6-48 кВт дулааны хүчин чадалтай зэрэг үзүүлэлтээр хэрэглэгчдийг татдаг байна.

Хөрөнгө оруулагч худалдан авалт хийхээс өмнө юуг анхаарах вэ?

  • Пелетийн зуухны амины орон сууцын халаалтын шийдэлд гүйцэтгэх үүрэг голлох эсвэл туслах аль нь болохыг шийдвэрлэх.
  • Боломжит орон зайгаа тооцоолон, нөөцлөх склад болон нөөцлүүр саванд тавих шаардлагаа тодорхойлох. Мэдээж хэрэг нөөцлүүр савны эзэлхүүнээс түлш дүүргэлтийн интервал хугацаа шууд хамаарна.  
  • Зуух худалдан авахдаа халуун усны нөөцлүүр савыг давхар төлөвлөх нь зүйтэй. Ингэснээр тав тухтай халаалтын нөхцөлийг бүрдүүлэхээс гадна түлш зарцуулалтыг багасгана.
  • Мод боловсруулалт хөгжсөн, нөөц ихтэй газраас тогтмол худалдан авалт хийх боломжийг, түүнтэй уялдан үүсэх зардал тооцоог бодолцох нь нэн чухал.

Манай орны нөхцөлд пелетийг өөр ямар биомасс / эко түлшээр орлуулах боломжтойг сайтар судлах нь ирээдүйтэй.